Байгалийн бүс, бүслүүр, муж

Монгол орны хойноос урагш явахад ойт хээр, хээр, говь, цөлийн гэсэн өргөргийн 4 бүс, өндөр уулст, ялангуяа ойт хээрийн бүсийн уулст авирахад тайгын ба тагийн (альпийн) бүслүүр ажиглагддаг. Тус орны байгалийн бүс, бүслүүр, гадаргын байдлыг харгалзан Хангай, Хэнтийн, Алтайн уулархаг, Дорнодын талархаг, Говийн гэж 4 мужид хуваадаг.


Байгалийн нөөц, баялаг
Манай оронд хүрэн, хар хүрэн, цайвар хүрэн, хар шороон, нугын хүрэн, говийн бор, цөлийн бор саарал, нуга намгийн болон мараалаг, давсархаг зэрэг олон төрлийн хөрс байна. үүний дотор үржил шимт хүрэн хөрс 50 орчим хувийг эзлэх бөгөөд тариаланд тохиромжтой 1,6 сая гаруй га газар бий.

Манай орон төрөл бүрийн ашигт малтмалаар баян. Тус орны нутаг дэвсгэрт 50 гаруй төрлийн ашигт малтмалын 3000 гаруй орд, илрэл мэдэгдэн судлагдаад байна. Хэнтий, Хангай, нурууны ар өврөөр алтны, Орхон, Сэлэнгийн сав нутгаар зэс молибдены, Дорнод монголд хайлуур жоншийн, Хөвсгөлд фосфоритын орд зонхилон тархжээ. Чулуун нүүрсний үлэмж их нөөц Таван толгой, Хар тарвагатай, Ачит нуур, Бага нуур, өвдөг худаг зэрэг ордуудад илэрчээ. Налайх, Шарын гол, Адуунчулуун, Бага нуурын ордууд нь үйлдвэрийн бүсэд оршдог учир төв суурин газруудыг түлшээр хангахад чухал үүрэг гүйцэтгэж байна.

Манай оронд төмрийн хүдрийн Төмөр толгой, Баянгол, Тамир гол зэрэг олон ордууд бий. Зэсийн хүдрийн ордуудын ихэнх нь Орхон, Сэлэнгэ, Говь, өмнөд Хэрлэн, Баянхонгор, Ханхөхийн нутаг дэвсгэрт төвлөрчээ. Эдгээрээс хамгийн том нь Орхон, Сэлэнгийн бүсэд оршдог Эрдэнэтийн зэс- молибдены орд юм. Төмөртэйн овоо, Салхит, Тугалгатайн нуруу, Модон овооны зэрэг цайрын хүдрийн хэд хэдэн зангилаа ордуудаас гадна нэлээд алтын ордууд бий. 1954 онд нээгдсэн Бэрхийн хайлуур жоншны уурхай бол манай орны хайлуур жоншны томоохон уурхайнуудын нэг юм. Нутгийн зүүн хагаст хайлуур жоншны олон ордуудтай.
Фосфоритын ордуудын ихэнх нь Соёны нурууны өврөөс Хөвсгөл нуурын баруун эргийг даган тархсан байдаг. Мөн болор, молор, биндэрьяа, анар, хризолит, аметист, оюу, пийсүү зэрэг эрдэнийн чулуу багагүй олддогийн дотор үйлдвэрийн ач холбогдолтой зарим орд ч бий. Манай оронд нийтдээ 67 мянга гаруй км урт гол горхи, 0.1 кв.км-ээс их талбай бүхий 4000 гаруй нуур, 7000 шахам булаг шанд байгаагаас гадна хөрсөн доорх цэнгэг усны арвин их нөөц бий. Монгол орны гол мөрнийг Хойд мөсөн далайн, Номхон далайн, Төв Азийн гадагшаа урсгалгүй сав газрын гэж 3 хуваана. Сэлэнгэ бол Монголын хамгийн том мөрөн юм. Түүний сав газар цутгалуудынхаа хамт тус улсын газар нутгийн 20 орчим хувийг эзэлдэг. Урсгал нууруудаас хамгийн том нь Төв Азид хамгийн гүнд (262м) тооцогдох Хөвсгөл, тогтмол нуурын том нь Увс нуур ( усны талбай нь 3350 кв.км) юм.

Манай орны үржил шимт хөрсөнд нэг ба олон наст модлог, бутлаг, хагас бутлаг зэрэг 4000 гаруй зүйлийн ургамал, ногоо ургадаг бөгөөд 7 баг, 24 овог, 70 гаруй төрөлд хамаарагдах 140 гаруй зүйлийн хөхтөн, 390 гаруй зүйлийн жигүүртэн оршино. Түүний дотор тахь, мазаалай, зэрэг амьтан, монгол алтан хундага, тарваган шийр, доргостойн вансэмбэрүү зэрэг дэлхийд аль ч газарт байдаггүй ургамал олон бий.

Монгол бол адил өргөрөгт орших бусад орны дотроос хамгийн нарлаг орон юм. Манай оронд нарны гэрэлтүүлгийн үргэлжлэх хугацаа жилд 2600-3300 цаг байдаг.


Хөвсгөл Мон Трэйвэл ХХК © 1998 - 2017. All right reserved.