Нүүдэлчдийн амьдрал, соёл, зан заншил

Монголчуудын язгуур аж төрөхүй нь нүүдэлчний аж төрөхүй мөн. Нүүдлийн амьдрал нь нутаг нутгийн болон янз бүрийн угсаа гаралтай ард түмний хувьд харилцан адилгүй. Монголчуудын хувьд насан туршдаа хэрэн тэнэж, тохиолдлын орлогоор амь зууж явдаг овог аймгуудын амьдралаас огт өөр, нүүдлийн иргэншлийн сонгодог хэлбэр мөн. Монголчуудын хувьд нүүдэл нь малчин хүн малынхаа ашиг шимд шүтэн, малынхаа аяыг даган нүүж амьдардаг.

Мал нь байгалынхаа аяыг даган түүнд идээшиж дагаж, үйлдвэр угсааны онцлог шинжээ хадгалан өсөж үрждэг, байгаль нь нүүдэл иргэншлийнхээ ачаар унаган төрхөө хадгалан, иргэншлийнхээ уг хэв маяг тогтвортой оршиж тогтнох нөхцөлийг бүрдүүлдэг хүн, мал, байгаль гурван битүү цагирган холбоонд тулгуурласан соёл иргэншлийн бие даасан хэв маяг мөн. Хэрэв энэ цагирган холбоог бүрдүүлж байгаа гурван язгуур мах бодийн аль нэг нь үндсэн төрхөө өөрчилвөл нүүдлийн иргэншил оршин тогтнож үл чадна. Нүүдлийн мал аж ахуйг эрхлэн хангах үндэсний технологийн нэг чухал хэсэг нь аяндаа боловсрон төлөвшсөн хөдөлмөрийн дотоод хуваарь, хөдөлмөр зохион байгуулалтын уламжлалт хэлбэр юм.

Монгол өрхийн тэргүүлэгч ба гишүүд мөн эрэгтэй, эмэгтэй, насанд хүрсэн болон өндөр настан, хүүхэд багачуудын хувьд ах, эгч, аав, ээж нь багшийн үүрэгтэй бөгөөд тэднийхээ үгийг байнга дагах учиртай. Монголчуудын амьдрал ахуй олон зууны жилээр хэвшил дадал болж ирсэн ёс заншилын цогцол нь сурган хүмүүжүүлэх арга хэлбэр хүмүүсийн өөрсдийнх нь ухамсар сүсэг бишрэл, итгэл үнэмшил хийгээд зарим тохиолдолд цааз зарлигаар зохицуулагдаж байжээ. Нэлээн хожуу үеэс нам, төр, соёл боловсролын хийгээд хүүхэд залуучууд эмэгтэйчүүд зэрэг олон нийтийн байгууллагын шугамаар дэвшилт ёс заншилын сургалт сурталчилгааны олон хэлбэрээр сахиулж мөрдүүлдэг болсон. Малчины хөдөлмөр зохион байгуулалтын гол хэлбэр нь таван хошуу малын тооны зохистой харьцаа тухайн нутгийн бэлчээрийн даац, ус, хужирын хүрэлцээ, айл өрхүүдийн хүн хүчний байдал хийгээд тэдний хувийн харилцаа, нийгэм сэтгэл зүйн зохицол зэрэгт үндэслэн сайн дураараа үүсдэг “Хот айл - саахалт айлын“ зохион байгуулалт болно. Энэхүү зохион байгуулалт нь мал аж ахуй эрхлэгсдийн хөдөлмөрийг хэмнэх, хорших, хамтран ажиллах, харилцан туслах, үйлдвэрлэлийн дадлага туршлага, мэдлэг ухаанаа солилцох сонгодог хэлбэр бөгөөд малыг өсгөн үржүүлэхэд ихээхэн үүрэгтэй байна. Нийгэм нь байгалиас онцгой ялгаатай боловч ертөнцийн нэг хэсгийн хувьд байгальтай амин холбоотой бөгөөд нийгмийн хөгжилд байгаль орчний үзүүлэх нөлөө ихээхэн ач холбогдолтой.

Монголын нүүдэлчдийн язгуур онцлогийн нэг нь байгаль орчиндоо зохицон амьдарч түүнийг хамгаалах нөхөн сэргээх замаар амьдралын баталгаагаа хангадаг. Өнөө үед хаа сайгүй уурхай нээгдэж, газрыг хайр найргүй сэндийчин хаядаг болсон байна. Түүнийгээ нөхөн сэргээх талаар арга хэмжээ авахгүй, хүн байгалийн шүтэлцээг төдийлөн ойлгож мэдэхгүй байгаа нь ашиг хонжоог эрхэмлэгч харанхуй бүдүүлгийн жишээ юм. Байгалийн тухай мэдлэггүйгээр нүүдлийн мал аж ахуйг эрхлэн хөтлөх боломжгүй. Зөвхөн таван хошуу малаа төдийгүй тэдний оршин амьдрах экологийн тухай мэдлэг ухааныг хуримтлуулан үеэс үед уламжлуулан хөгжүүлж ирсэн нь монголын нүүдэлчдийн мэргэн ухааны нэг том ололт билээ. Нүүдлийн мал аж ахуйг эрхлэхэд байгалийн шалгуур үзэгдлүүд болох ган зуд тохиох нь нүүдэлчин монголыг ухаантай мэдлэгтэй байхыг шаарддаг.

Монголд техник иргэншлийн ололт түргэн нэвтэрч үйлдвэржих үйл явц гүнзгийрэхийн хирээр нийгмийн бүрэлдэхүүнд ноцтой өөрчлөлт гарч зарим талаараа нийгмийн хурц асуудал болон хувирч байна. Хүн амын дотор оюуны хөдөлмөр машин техниктэй холбоотой ажил эрхлэгсдийн тоо өсч, биеийн хөдөлмөр түүний дотор мал аж ахуйн ажил эрхлэгсдийн хувийн жин байнга буурах боллоо. Монголын нүүдэлчдийн язгуур онцлогийн өөр нэгэн зүйл нь тодорхой бүс нутгийн байгаль орчинд бүрэн зохицсон амьдралын тогтвортой эх сурвалжид тулгуурлаж цаг улирлын аясаар тодорхой хүрээ хязгаарын дотор нүүдэллэн амьдралын харьцангуй өргөн уудам орон зайг эзэмшиж амьдрах явдал юм. Хүмүүс нүүдлийн амьдралаас суурьшмал амьдралд шилжих нь амьдрал хөдөлмөрийн нөхцөл, эрхлэх ажлын шинж чанар, техник зэвсэглэмжийн түвшин, аж төрөх хэв маяг, орчин үеийн иргэншлийн ололтыг ашиглах бололцоо зэргийнхээ үүднээс тэдний амьдралд гарч байгаа том дэвшил. Гэвч нүүдлийн язгуурын аж төрөх ёс нь агаар орчин, экологийн хамгийн цэвэр нөхцөлд амьдарч хоол хүнсний хамгийн эрүүл бүтээгдэхүүн хэрэглэж, элдэв гоц халдварт өвчин тахал дэлгэрч тархах, болзошгүй газар хөдлөл зэрэг гай гамшигт үй олноороо өртөх магадлал хамгийн багатайгаараа бусдаас илүү найдвартай амьдралын баталгаа сайтай, чанарлаг амьдрал байдаг.

Монголчуудын хувьд мал нь зөвхөн хэрэглээний зүйл төдийгүй тэдний гоёл, гоо сайхны бахархалын нэг байв. Тухайлбал монголын ардын дуунд эр хүн морь байгалийг гоо сайхны нэгдмэл ертөнц болгон харуулсан байдаг бол эмэгтэй хүнийг ургамал амьтаны гоё сайхантай холбон дүрсэлсэн байдаг. Энэ бүхэн бол хүн байгаль мал гурвын нэгдмэл болсон нүүдлийн иргэншлийн мөн чанараас үүдэлтэй ардын гүн ухаан, хүн байгаль орчныг салшгүй нэгдмэл дотоод нарийн холбоонд авч үздэг монгол сэтгэлгээний нийтлэг арга мөн. Нүүдлийн иргэншил монголчуудын ахуй амьдрал аж төрөхүйгээс үндэстэй язгуур соёлын нэг том хүрээ нь ардын тоглоом, наадам наадгай юм. Монголчуудын тоглоом наадам нь бага насны хүүхдийг нүүдэлч малчдын ахуй амьдралд бэлтгэдгээрээ өвөрмөц онцлогтой. Тэр дундаа өнө эрт үүссэн нийт монгол даяар дэлгэрэн орчин үеийн спорт тоглоомын түвшинд хүрч хөгжсөн эрийн гурван наадам нь нэн гайхамшигтай. Мөн оюун ухааны даац шалгасан оньсон тоглоомууд нь дэлхийд байхгүй ховор тоглоом.

Монгол нүүдэлчдийн орон сууц, хувцас хунар, эдлэл хэрэгслийн онцлог нь нөхцөл байдалд тохируулан олон хувилбараар ашиглаж болох гайхамшигтай чанартай байдаг. Тухайлбал дээл нь унтахад хөнжил, гадагш гарахад гадуур хувцасны үүрэгтэй. Хоол хүнсний хувьд бас л түүний үндсэн бүтээвэр тус бүрийн тэжээллэг чанар хатах, исэх, гашлах, хадгалагдах чанарыг танин мэдсэний үр дүнд боловсрон хөгжиж иржээ.


Хөвсгөл Мон Трэйвэл ХХК © 1998 - 2017. All right reserved.